ОЛОН УЛСЫН МӨСӨН ХОККЕЙН ХОЛБООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮC ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЙВАЗ ОМОРКАНОВ-ЫН МЭНДЧИЛГЭЭ
Hwh

ОЛОН УЛСЫН МӨСӨН ХОККЕЙН ХОЛБООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮC ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЙВАЗ ОМОРКАНОВ-ЫН МЭНДЧИЛГЭЭ

2021/12/02

Эрхэм Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа,

Хүндэт мөсөн хоккейн дэмжигчид ээ

Энэхүү мөчийг Монгол Улсын мөсөн хоккейн спортын түүхэнд хамгийн ихээр дуурсагдах өдрүүдийн нэгээр тэмдэглэх болов уу. Бид бүхний удаан хүсэж хүлээж байсан мөрөөдөл биелж, хамгийн том хэмжээтэй, 3000 үзэгчид тухлах боломжтой Мөсөн өргөө үүдээ нээжээ. Үүнийг бүтээхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Та тууштай дэмжиж ирсэнд Олон Улсын Мөсөн Хоккейн Холбооны нэрийн өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье. 10 жилийн өмнө Монгол Улсад 100 гаруй идэвхтэй тамирчид бүртгэлтэй байв. Өдгөө дээрх үзүүлэлт нь 600 хүрчээ. Монгол тамирчид Олон Улсын Мөсөн Хоккейн Холбооны нэрэмжит тэмцээнүүдэд эргэн ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Монголын Мөсөн Хоккейн Холбоонд Таны дэмжлэг хэрэгтэй, тэр хэрээр ачийг тань хүчин чармайлтаараа хариулах болно. Бид өсвөр үеийн тамирчдын цаашдын хөгжилд анхаарч ажиллана. Мөсөн хоккейн төлөө зүтгэж буй Арслангийн Мэргэн Таны мөрөөдөл биеллээ олсонд баяр хүргэе. Миний бие хоккейн зүйрлэшгүй домог Владислав Третьякийн хамт хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотод зочилж байхдаа энэхүү Мөсөн өргөө баригдах талаар ярилцаж байсныг санаж байна. Ордны бүтээн байгуулалтад нөр их хөдөлмөр шингэснийг гадарлаж байна. Ноён Пунцагийн Цагаан, Арслангийн Мэргэн Танд Олон Улсын Хоккейн Холбооны Ази, Номхон далайн бүсийг хариуцсан хэлтэс Танай үндэсний холбоотой маш дотно хамтран ажиллаж, шаардлагатай дасгалжуулалт, шүүлтийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр спортын тогтвортой хөгжлийг хангаж, ур чадварыг өвлүүлэх болно гэдгээ дуулгая. Мөн ирээдүйн хамтын ажиллагааг сэтгэл дүүрэн хүлээж байна. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан бүх тамирчид, ялангуяа хүүхдүүдэд хандаж хэлэхэд хичээл зүтгэлээ алдахгүйгээр олдсон боломжийг ашиглан Монгол Улсынхаа мөсөн хоккейн спортын хөгжилд хувь нэмрээ оруулаарай. Та бүхэн Дэлхийн хоккейн аварга шалгаруулах хөтөлбөрт оролцож, ур чадвар өдрөөс өдөрт сайжрах болно. Энэхүү түүхэн өдрийг бүтээхэд оролцсон Та бүхэнд дахин баярлалаа.